menu
person

Леброн Жеймс: Амьдарын тухай баримт

NBA-гийн хоёр удаагийн аварга, дөрвөн удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч, олимпын хоёр алтан медальт, NBA-гийн онооны аварга , 2,03 метр өндөр, 113 кг жинтэй энэ аварга эрийг бид “Кинг Жеймс”, бахдам амжилтын эзэн, гялалзсан карьертай сагсчин гэдгээс цааш хэр мэдэх билээ. Түүнийг энэ гайхам амжилтад хүргэсэн хувийн амьдрал, гэр бүл, бага насны талаар бид төдий л сайн мэдэхгүй. Тэгвэл түүний яг энэ тухай өгүүлсэн, Ларри Кингтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. “Майами Хит” багтайгаа NBA финалд хоёр дахиа аваргалаад удаагүй байгаа хоёр хүүхдийн эцэг Леброн Жеймс 56,5 сая ам.долларын гэрээ байгуулснаараа энэ оны хамгийн өндөр орлоготой сагсчин болж, Коби Брайнтыг ардаа орхиод байгаа билээ. 


-Бид Леброны өссөн газар Охайогийн Акрон хотод ирээд байна. Энэ газарт таны бага нас яажшуухан өнгөрсөн бэ?
-Миний өссөн газар одоо амьдарч байгаа газраас 10 минут явах зайд л байдаг учраас би ямар амьдралаас юунд хүрсэн бэ гэдгээ сайн мэднэ. Миний бага нас тэр чигээрээ тэмцэл байсан. Гэхдээ түүний хүчинд өнөөдрийн би бий болсон. 

-Та өнөөдрийнх шиг ийм амьдралыг мөрөөдөж байсан уу?
-Мэдээж, өдөр бүр. Хүүхэд байхдаа гэрээс гараад хотын төв рүү явахдаа би албан газруудын байшин барилгыг хараад том болохоороо ийм том гэртэй болно гэж мөрөөддөг байв. Одоо харин тэр мөрөөдлийн байшингаа аль хэдийнэ босгосон. Заримдаа харахаар манай байшин тэр оффисын барилгуудаас ч том болсон юм шиг санагддаг шүү. 

-Спортод авъяастай гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Миний хамгийн анх тоглосон багийн спорт хөлбөмбөг. Сургуульдаа хөлбөмбөг тоглоод амжилт үзүүлэх үед надад спортын ямар нэг чадвар байна гэж бодох болсон.

-Тэгвэл сагсан бөмбөгийн талбайд хэзээ анх гарсан бэ?
-Хөлбөмбөг тоглодог жилийнхээ сүүлчээр сагс тоглож үзсэн. Тэгэхэд есөн настай байсан юм. Би багийнхаа хамгийн сайн тоглогч нь байж, аварга болсон. Ингэж нэг жилийн дотор хөлбөмбөг, сагсан бөмбөгийн аварга болсон доо.  

-Таны хүүхэд нас амаргүй байсныг бид мэднэ. Гурван жилийн дотор танайх 12 удаа нүүсэн гэдэг. Тэр өдрүүдийн дурсамжаасаа ярихгүй юу?
-Өглөө бүр сэрэхдээ асуудал бэрхшээлтэй нүүр тулгарна. Манай гэр бүл гэж ердөө л ээж, бид хоёр. Өглөө сэрэхдээ ээжийгээ хамт байгаасай гэж маш их хүсдэг ч тэр миний төлөө ажилласаар дандаа эзгүй байдаг байлаа.

-Та “Shooting stars” номд бичихдээ шөнө дунд сэрээд маш их айж, ганцаардаж, санаа зовнидог байсан гэдэг. Юунаас тэгтлээ айдаг байсан юм бэ?
-Миний өссөн газар бол Акроны хойд хэсэг. Гэмт хэрэг их гардаг, ядуу буурайчуудын хороолол. Тэнд шөнө бүр цагдаагийн машины дохио хангинаж, буун дуу тасхийнэ. Тийм аймшигтай дуу чимээ сонсох үед хажууд ээж чинь байхгүй, гэртээ ганцаараа гээд төсөөл дөө. Тэр бууны суманд ээж минь өртчихөөгүй байгаа, дохиогоо дуугаргасан цагдаагийн машин миний ээжид тохиолдсон золгүй явдлын төлөө энд ирээгүй байгаа даа гэж байнга айж санаа зовдог байсан.

-Та аавыгаа мэддэггүй байсан уу?
-Үгүй, хэзээ ч уулзаж байгаагүй. 

-Түүний тухай мэдэхийг хүсээгүй гэж үү?
-Үгүй. Би тодорхой насанд хүртлээ хүүхэд аавтай байдаг гэдгийг ч ойлгож мэдээгүй явсан. Учир нь, ухаан орсон цагаас хойш надтай ганцхан ээж минь л хамт байсан.  Би том болоод найзуудтай болсон хойноо “Чамд ээж бас аав гэж байдаг юм уу” гэж гайхдаг байв. Хүүхдэд ээж, аав байдаг ч гэж мэдээгүй. 

-Ээжээсээ аавынхаа тухай асуудаггүй байсан гэж үү?
-Хэзээ ч үгүй. Ээж минь миний л төлөө, миний зүүдэлж ч байгаагүй зүйлийг хийхийн төлөө яаж хичээж амьдарч байгааг би мэддэг байсан учраас. Зул сарын үеэр миний төрсөн өдөр болдог юм. Би хүүхэд байхдаа манайх ингэж хэцүү амьдарч байгаа юм чинь их л сайндаа ганц хоёр л бэлэг авах байх даа, эсвэл бүр авахгүй ч байж мэднэ гэж боддог байсан. Гэтэл төрсөн өдөр, зул сараар юу болдог байсан гэж санана. Зул сарын өдөр арванхоёрдугаар сарын 25-нд шалаар дүүрэн бэлэг, арванхоёрдугаар сарын 30-нд миний төрсөн өдрөөр гарт багтахгүй их бэлэг өгдөг байсан шүү. Ийм байхад би ээжээсээ “аав хаана байна” гэж асууж шалгаах ямар ч шалтгаан байхгүй. Ээж минь намайг 16-хан насандаа төрүүлсэн атлаа яаж энэ бүхнийг хийснийг би одоо ч гайхдаг. 

-Та сагсан бөмбөгийн спортоор амьдралаа залгуулах ёстой юм байна гэж хэзээнээс бодох болсон бэ?
-Дунд сургуульд байхаасаа л сагсан бөмбөгт дурлаж эхэлсэн. Сонирхогчдын сагсан бөмбөгийн тэмцээнд сургуулийнхаа баг, дасгалжуулагчтай хамт явж эхэлсэн үеэс энэ спортын өрсөлдөөн тэмцэл, ялалт, ялагдал, багийн эв нэгдэл, намайг өөртөө татах болсон. 

-Хүүхэд байхдаа сагсан бөмбөгийн тэмцээн үздэг байсан уу. 
-Үгүй ээ. Тэгж тоглолт үзэх боломж ч байсангүй. Хааяа нэг телевизээр тоглолтыг нь үзвэл аз.

-Та Кавалиерсийн фанат байгаагүй хэрэг үү?
-Үгүй ээ. Би Чикаго Буллс, Майкл Жорданы шүтэн бишрэгч байлаа. 

-Яагаад өөрийн баг биш, Буллс гэж?
-Майкл Жордан миний бахархал, миний урам зориг байсан юм. Түүний талбайд, талбайн гадна хийдэг бүх зүйлд би дуртай. Жордан шиг нисэхийг, түүн шиг рекламанд тоглохыг, түүний пүүзийг авахыг, ер нь түүний хийсэн бүхнийг би хийхийг хүсдэг байсан.

-Та түүнтэй хэзээ анх уулзсан бэ?
-Аравдугаар ангид байхдаа би Чикаго явж, тэднийг Хүүпс гээд зааланд тоглож байхад нь очиж харсан юм. Тэр бидний анхны уулзалт байсан. Тэр над руу ирж явааг харахад яг л усан дээр хөвж байгаа мэт санагдаж билээ. 

-Тэр таныг хэн гэдгийг мэдэж байсан уу?
-Тиймээ, хамгийн гайхалтай нь тэр намайг таньж байсан. 

-Та сагсан бөмбөгийн тоглолтын ур чадвараас өөртөө алийг нь илүү хөгжүүлэхийг хүсдэг вэ?
-Шидэлт.

-Яг л Коби шиг шиднэ гэж үү?
-Тийм ээ. Тэр шидэлтдээ үнэхээр сайн шүү.

-Тэр таныг хүртэл гайхашруулдаг гэж үү?
-Тэгэлгүй яахав. Би ахлах сургуульд байхдаа Кобигийн зургуудыг ханаараа дүүрэн наадаг байснаа түүнтэй олимпод хамт явахдаа хэлсэн. Коби шууд л NBA-д хөл тавьсан мундаг тамирчин учраас би түүнээс үлгэр жишээ, урам зориг авдаг байсан. 

-Би бол Леброн Жеймс гэж бодох үед өөрөөрөө онгирч бардамнах сэтгэл төрдөг үү?
-Өглөө бүр босохдоо, өдөр бүр олны өмнө гарахдаа би Леброн Жеймс гэдэг ганц нэрийг төлөөлөх хүн биш, харин миний овгоор үүрд нэрлэгдэх хоёр хүү, гэр бүлийнхээ өмнө, мөн ээжийнхээ, бурхны оронд байгаа эмээгийнхээ гээд маш олон хүний өмнөөс хариуцлага хүлээсэн хүн гэдгээ мэддэг учир тийм бодол төрдөггүй юм. Энэ л бодол намайг онгироо бардам зангаас хол байлгадаг. 

-Леброн шилдэг сагсчнаас гадна шаггүй бизнесмэн гэж хэлж болох уу. Та Nike-тай 90 сая ам.долларын гэрээ хийсэн шүү дээ?
-Тэгж хэлж болох л  юм. Учир нь, би багадаа үеийнхнээсээ эрт хэрсүү сууж, гэр бүлээ авч явах ёстой ганц эр хүн нь гэдгээ мэддэг байсан. Сагсаа сайн тоглохоос гадна талбайгаас гадна ч сайн ажиллах ёстой гэж бүр багаасаа боддог байсан. 

-Таныг тэрбумтан, хөрөнгө оруулагч Уоррен Баффетаас маш их зөвлөгөө авдаг гэлцдэг?
-Тийм ээ. Тэр надад маш их зөвлөгөө үнэ төлбөргүйгээр өгдөг. Юунд хөрөнгө оруулбал ашигтай, ямар салбар муу хөрөнгө оруулалт болох тухай надад зөвлөдөг. 

LeBron James mix 2015 - Hell BLACK

Category: Сагсан бөмбөг | Added by: YakuZino (2016-05-07)
Views: 155 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar